-Хэдийгээр 24 жилийн түүхтэй гэх боловч хөгжөөгүй. Тэгэхээр менежмент муу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс Хөрөнгийн биржийн удирдлагыг өнгөрсөн хавар Төрийн өмчийн хорооноос Сангийн яам руу шилжүүлсэн. Тухайн үед тус биржийн байдал муу байсан. Бараг л дампуурлын ирмэгт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм. Ийм хүнд байдалтай салбарыг удирдаж, зөв голдиролд оруулна гэдэг амаргүй даваа. Хэдийгээр унаж байгааг нь мэдэж байсан ч өмнөх алдааг нь ярихыг хүсээгүй. Харин цааш нь сэргээхийн төлөө эрчимтэй ажиллаж байна.
-Арилжааг сэргээхийн тулд ямар ажил хийж байна. Арилжаа идэвхжиж байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байгаа ч төдийлөн хангалттай биш гэлцэх юм?
-Ирээдүй бий. Аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн гол тулгуур байдаг. Тиймээс суурийг нь зөв эхлүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлбэл маш олон боломж бий болно. Сангийн яам бодлогоор дэмжин хувьцааны зах зээлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх, компанийг нээлттэй болгоход анхаарч ажиллаж байгаа. Үүнд компанийн засаглал маш чухал юм. Энэ мэтчилэн олон ажил төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасны арилжааг бирж рүү татаж оруулсан нь амжилттай хэрэгжиж байна. Ингэснээр арилжаа огцом сэргэж байгааг хүмүүс харж байгаа болов уу.
-Хувьцааны арилжаа сайн байснаа гэнэт муудсаны учир юу вэ. Үүнийг олон янзаар л тайлбарлах юм?
-Хувьцааны зах зээл дууссан гэдгийг хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ нь муудаа биш анх гарч ирсэн үүргээ биелүүлсэн. Энэ зах зээл анх төрийн өмчийн 475 аж ахуйн нэгжийг хувьчлах зорилгоор эхлүүлж байсан. Тэгэхээр арилжааны дүн муудсан нь аж ахуйн нэгжүүд хувьчлагдаад дуусч байгаатай холбоотой. Тиймээс шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх зайлшгүй шаардлагатай юм. Засгийн газрын үнэт цаасны арилжааг оруулж ирснээр гүйлгээ сайжирсан. Энэ арилжааг оруулж ирэхээс өмнө Хөрөнгийн биржийг ТҮЦ, гар дээрх наймаатай зүйрлэж байсан. Хатуу боловч гашуун үнэн. Харин одоогоор өдрийн дундаж арилжаа тэрбумаас дээш хэмжээтэй болсон учраас өөрөөр харж эхэлж байна.
-Арилжаа унасан бас нэг шалтгааныг шинэ сүлжээ оруулж ирсэнтэй холбож тайлбарладаг шүү дээ?
-Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажилласнаар арилжаа муудсан гэдэг нь ташаа ойлголт. Харин дэлхийн хэмжээний байгууллагатай нягт хамтарч ажиллаж чадаагүй нь бидний буруу. Асуудлыг зориуд мушгин гуйвуулж, шийдвэр гаргагчдыг буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлж ирсэн. Бүр үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлнө гэж ярьдаг хүмүүс өнөөдөр хүртэл байгаа нь харамсалтай.
-Хамгийн гол нь манай улсын аж ахуйн нэгжийн хувьд компанийн сайн засаглал хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжих боломжийг боомилдог. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Бидний дунд нэг ташаа ойлголт бий. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад л гадаад, дотоодын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирнэ гэж тооцоолсон. Энэ бол маш гэнэн зүйл. Сайн компанийн засаглалгүй бол шууд унана гэдгийг тооцсонгүй. Тиймээс эхлээд хувьцаат компаниудаа нээлттэй ил тод, хариуцлагатай, үр ашигтай болгож компанийн сайн засаглалтай болгохоор ажиллаж байна. Учир нь хөрөнгө оруулалтын томоохон сангуудын дүрэмд нь “Тухайн компани сайн засаглалтай, ил тод, хариуцлагатай байх” гэсэн заалт нэн түрүүнд тавигддаг юм. Манай улсын аж ахуйн нэгжийн хувьд мэдээлэл байхгүй, тайлан тооцоо нь нууц, ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ явагддаг нь нууц биш. Тэгэхээр бид гаднын хөрөнгө оруулагчдыг татах тухай ярихаас өмнө эхлэлийн цэгээ зөв болгох ёстой.
-Хөрөнгийн биржийн бүртгэлийн журам шинээр баталсан гэж сонслоо. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?
-Өмнө нь “А”, “Б” самбар гэж байлаа. Энэ хоёр самбарын “А” хэсэг томоохон компани, “Б”-д нь жижиг, дунд нь ордог байсан юм. Одоо дахин нэг самбар шинээр нээсэн. Уг самбарт компанийн сайн засаглалтай байх ёстой гэдэг шалгуур тавьсан. Харамсалтай нь одоогоор энэ самбарт гарах компани алга байна. Тэгэхээр энэ самбарт орох аж ахуйн нэгжийг бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс ТОП-20 компанийн засаглалыг сайжруулахаар Тунхаг бичигт гарын үсэг зурсан.
-ҮЦТТТХТ-ийг Хөрөнгийн биржид хариуцуулах тухай ярьж байна. Энэ нь хэр зөв шийдэл вэ?
-Нэг удирдлагатай байсан байгууллагыг 2002 оноос хоёр хэсэг болгосон нь маш буруу шийдвэр байсан. Энэ алдаагаа засч байна гэж харж байгаа. Учир нь буруу шийдвэрийн үрээр ажлын харилцан уялдаагүй болсон юм. 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны хүрээнд хийсэн шинэчлэлийн бүтэлгүйтэл үүнтэй холбоотой. Гэтэл ажлын уялдаагүй байснаас гарсан муу үр дагавараа тус биржид тохох гэж оролдож байна. Хэрэв ингэвэл бид өөрсдөө дэлхийд шившиг болно. Тэгэхээр бид алдаагаа засах ёстой. Тиймээс ч Засгийн газар хоёр байгууллагыг эргүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Энэ хоёр байгууллага нэгдсэнээр үйл ажиллагаа цэгцрэн арилжаа нэмэгдэнэ гэж харж байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Д.ОЮУНЧИМЭГ