Өнөөдөр (2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр) Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) болон Капитал Маркетс Монголиа ХХК-тай хамтран МҮЦАЭХ-ны 30 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал"-ыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE Hall-д амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, бодлого, үр ашиг, үнэлгээ, хөрөнгө оруулагчдын зан төлөв, түүнчлэн эрх зүй, татварын орчны асуудлыг хамарсан нийт зургаан судалгааны ажлыг хэлэлцэн, эрдэм шинжилгээний үр дүн, санал дүгнэлтийг солилцлоо.
Хурлыг нээж “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат: Монголын хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа хөгжлийн бодлого, эрх зүйн тулгамдсан асуудлуудыг судалж дүн шинжилгээ гаргах зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон "Капитал Маркетс Монголиа" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, эрдэм шинжилгээний хурлын оролцогчдод амжилт хүслээ.
“Эрдэм шинжилгээний хурал”-ын шилдэг судалгааны ажлуудыг шалгаруулахад:
“Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг байгуулах нь” сэдвээр А.Бат-Орших, Н.Тэргэл, О.Дандар нар тэргүүн байр;

“Монголын хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлын үнэлгээ, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр Ж.Эрдэнэчулуун, Г.Дагвасүрэн, Р.Дарханбаяр нар дэд байр;

“Монгол болон Төв Азийн хөгжиж буй орнуудын жишээн дээр хөрөнгийн зах зээл, эдийн засгийн уялдаа холбоо: хөрөнгө оруулагчдын зан төлөвийн нөлөөллийн эмпирик судалгаа” сэдвээр Х.Гүлнур гуравдугаар байр эзэллээ.

Шагналыг “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат гардуулан өгсөн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



