"Монголын хөрөнгийн бирж" ХК-аас санаачлан хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөгийг өнгөрөгч 6 дугаар сард Өмнөговь, Дундговь аймгуудад зохион байгуулж эхэлсэн бол энэ сард Баруун бүсийн ард иргэдэд мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.
Өнөөдөр (2025.09.22) баруун бүсийн өдөрлөгийг Говь-Алтай аймгаас эхлүүллээ.
Үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч М.Алтангэрэл үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Г.Наранзул иргэдэд санхүүгийн боловсрол сэдвээр мэдээлэл хүргэсэн.
Үргэлжлүүлээд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээллийг өглөө.
Түүнчлэн ард иргэд хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалтыг хийх талаар Говь-Алтай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Гүүдсек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван мэдээлэл хүргэсэн юм.
Тус сургалтад нийт 250 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбараа шүүлгэсэн иргэдийн тоо 200 орчим байлаа.
Өдөрлөг ирэх өдрүүдэд:
-
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Ховд Аймгийн Хөгжимт Драмын Театрт,
-
2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт,
-
2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт тус тус зохион байгуулагдана.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ